Бидний тухай
“Улаанбаатар Залуусын Оролцоо” ТББ-ын дэргэдэх “Улаанбаатар аялагч” клуб нь /UB HIKING CLUB/ 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй үүсэн байгуулагдаж өнөөг хүртэл идэвхтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас одоог хүртэл 7 хоногийн ням гараг бүр явган аялал, алхалтыг зохион байгуулж нийслэлчүүдийг идэвхтэй амралтын хэвшилд уриалан ажиллаж байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан “ӨДӨРТ 10000 АЛХАМ” эрүүл мэндийн өдөрлөгөөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай манай клуб алхсан алхалтыг хэвшил болгон пүрэв гараг бүр зохион байгуулж алхсаар албан ёсны алхалт болгосон. Мягмар гарагийн өглөө эртэч Улаан баатарчууддаа зориулан "Өглөөний цай" алхалтыг албан ёсны алхалт болгон нийслэлчүүдийг идэвхтэй амралтын хэвшилд уриалан ажиллаж байна. Мөн гүйлт сонирхогч гишүүддээ зориулан бямба гарагийг гүйлтийн өдөр болгон зарласнаар долоо хоногт спортлог өнгөрүүлэх өдрийн тоо нэгээр нэмэгдлээ.
Үүсгэн байгуулагчид
Анх Улаанбаатар Залуусын Оролцоо ТББ, Улаанбаатар аялагч клубийг үүсгэн байгуулсан бидний 15 нөхөд тус тусын ажил амьдралыг хөөн яваа хэдий ч нэг маань Чех улсад, нэг маань Хэнтий аймагт, бусад маань Улаанбаатарт амьдарч зарим нь клубийн ажлаа үргэлжлүүлж байна. Бидний дундаас хоёр хос төрөн гарсан бөгөөд одоо тус бүрдээ хоёр хүүхдийн ээж аав болон сайхан амьдарч байна. Бүгд нэг дор авахуулсан зураг байдаггүй юм байна. Залуустаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж бөөндөө уулзах ерөөл тавья.
Багийн хамт олон
Улаанбаатар Залуусын Оролцоо ТББ-ын УЗ нь 5 хүний бүрэлдхүүнтэй, Улаанбаатар аялагч клубийн ажлын алба 9 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. УЗ-ын даргаар Д.Сэргэлэн, Төрийн бус байгууллагын болон клубийн тэргүүнээр У.Ариунзоригт нар ажиллаж байна.Хэрхэн гишүүн болох тухай
Улаанбаатар аялагч клубийн гишүүн болохыг хүсвэл та 4 ням гараг дараалан албан ёсоор зарласан алхалтад алхаж байж гишүүн болох болзол хангагдана. Хойшлуулж болшгүй ажил гарсан бол ахалж яваа хүнд хэлээд эсвэл пэйж хуудас руу чат бичиж мэдэгдээд нэг удаагийн алхалтыг мягмар болон пүрэв гарагийн алхалтаар орлуулах боломжтой. Гишүүний хураамж 18 наснаас дээш жилийн 40.000 төгрөг.
Гишүүн болохын давуу тал
- Клубийн дотоод үйл ажиллагаанд оролцох
- Аялал санаачлах, зохион байгуулах
- Хамтран ажилладаг байгууллагуудаас хөнгөлөлттэй үйлчилгээ авах
- Байгалийн үзэсгэлэнт болон түүхт газраар хямд зардлаар аялах
- Тэмцээн уралдаанд оролцох
- Бэлтгэл сургуулилт хийх
- Сонирхол нэгт нөхөдтэй болох
- Өндөр уулын авиралт хийх
Аялал, авиралтын тухайд
Холын аялал, авиралтад зөвхөн клубийн гишүүний болзол хангаж тухайн жилийн хураамжаа төлсөн гишүүд хамрагдах боломжтой. Мөн эрх бүхий гишүүд аялал авиралтыг санаачлан зохион байгуулах эрх нь үргэлж нээлттэй. Анхлан ууланд дурлагч шинэ гишүүдийг боломжтой багаж хэрэгслээр туслах бөгөөд цаашдаа өөрийн багаж хэрэгсэлтэй болохыг шаардана.
Холын аялал:
Аяллыг санаачлан гишүүдэд хямд аялах боломжийг олгож гардан зохион байгуулж буй гишүүн аяллын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрсөн гишүүд тухайн аялалд оролцоно.
Өндөр уулын авиралт:
Туршлагатай, техниктэй, удирдан зохион байгуулж баг ахлах чадвартай, клубийн гишүүдийн эв нэгдлийг хангаж итгэл даахуйц гишүүн бусдадаа хөтөч хийх бөгөөд аяллын зардлыг тухайн баг гаргаж тодорхой хэмжээний мөнгөн урамшууллыг аяллын зардлаас гаргаж өгнө. Авиралтад нэгдэх гишүүд үүнийг хүлээн зөвшөөрснөөр аялалд оролцоно.
Клубийн суурь баазыг бэхжүүлэх шинээр нэгдэх гишүүдэд тус нэмэр болох үүднээс аялал бүрээс тодорхой хэмжээний хандив тусламжийг клубийн сан хөмрөгт үлдээж хэвшицгээе.