card
Click

АНХЛАН АЛХАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЯВГАН АЯЛЛЫН ЗӨВЛӨМЖ

  • Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч юмуу эсвэл тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ. Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог. 
  • Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг. Аялагч аялж явах байх үедээ өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болно.  

  • Үүргэвч хүнд байж болохгүй. Үүргэвчинд байвал зохих зүйлүүд:
  • Уух шингэн зүйлс /багадаа 1.5 литр/
  • Өдрийн хоол, хөнгөн зууш
  • Зургийн аппарат, камер
  • Хувийн хэрэглээний нар, салхины тос, жижиг эмийн сан
  • Солих цамц, футволка, оймс
  • Дулаан, хөнгөн куртка
  • Бусад  Явган явж эхлэхдээ та удаан, яаралгүй эхлэх хэрэгтэй. Эхний 15-25 мин удаан явж, цусны эргэлтийг аажмаар дасгах нь цаашид нэгэн хэмд явах эхлэл болно. 
  • Явж байхдаа зураг авч болохгүй. Хүн авч буй зургандаа анхаарал төвлөрүүлсэн байдаг болохоор ямар нэгэн зүйлд тээглэн унах магадлал өндөр. Унасан тохиолдолд өөрийгөө биш зургийн аппарат, камераа эвдрэхээс хамгаалж унадаг. Иймд зогсч байгаад зургаа аван, цааш явах хэрэгтэй. 
  • Хэрэв явж байхдаа гулган унах тохиолдолд өвдгөн дээрээ өвдөглөх, тохойгоороо тулж унах нь чухал. Энэ нь биеийн хүндийг саармагжуулж, тэнцвэр алдагдахаас сэргийлнэ. 

АЛХАХ АРГА

Уулын өөд явж байхдаа өвдгөө аль болох гүйцэд тэнийлгэхгүй ойрхон алхаж явна. Уруу алхахдаа мөн том хол алхахгүй хөлийн өлмийгөөр эхэлж гишгэн хөлийн булчинг ашиглаж алхана. Өсгийгөөр эхлэж гишдэг хүний өвдөг өвдөх эрсдэлтэй тул анхаарна уу. Энгийн тэгш замд хүн алхахад өвдөгөнд өгөх даралт биеийн жинг 2,6 дахин үржүүлсэнтэй адил байдаг учир алхахдаа өвдгөндөө ачаалал өгөхгүй алхаж сурах чухал. 

Аялалын таягтай бол авч яваарай. Тулгуур таягийг хэрэглэснээр өвдөгөнд төвлөрөх жинг багасгадаг. Гэхдээ 1 биш 2 таяг хэрэглэнэ. 

  • Шингэн зүйл уух. Аялалын ачаалал, хугацаа, цаг агаараас хамаарч биеийн шингэн алдагддаг тул ус хангалттай авч явах хэрэгтэй. Цангахыг хүлээлгүй тогтмол шингэн ууж явах хэрэгтэй. 
  • Явган аялалын үед согтуулах ундаа огт хэрэглэхгүй.  
  • Нарнаас хамгаалж байнга малгай өмсөх, алчуур, баф зүүх шаардлагатай. Аялалын үед нарших тохиолдол байдаг тул үүнээс болж бие тавгүйтэх, дотор муухай оргих, бөөлжих зэрэг шинж илэрдэг тул урьдчилан хамгаалах нь зүйтэй.


 

        Аяллын гутал

 

  • Шагайгаар татсан хагас түрийтэй гутал, нам өсгийтэй, уужуу гутал сонговол хөл холгохгүй. Өмсч байсан хуучин гутал өмсөх хөлд илүү амар тохиромжтой байдаг. Гол нь гутал арзгар ултай, хөнгөн байх ч ёстой. Харин өмсөөд удаагүй, эсвэл шинэ гутал байгаа бол хөлдөө дасгаж байж өмсөх хэрэгтэй. Болж өгвөл зориулалтын Hiking, trekking гутал сонговол илүү тохиромжтой байх болно. 
  • Уулын орой дээр салхитай сэрүүн байдаг бөгөөд аялагч хөлөрч, норох тохиолдол байдаг тул солих цамц, футволка авч яваарай. Мөн дулаан, хөнгөн куртик авч явах шаардлагатай. Богино өмд буюу шорт өмсөхгүй, биед чөлөөтэй өмд өмсөнө. 
  • Аялалын жижиг аптектэй байх шаардлагатай. Үүнд: хурууны лент, толгой, гэдэсний болон өвчин намдаах эм, бусад шаардлагатай эм г.м зүйлс байна.  

 

 

  • Бүсгүйчүүдэд өөрийн биеийн онцлогоос шалтгаалж нар, салхины тос зэрэг зүйлс авч явахыг зөвлөе. 
  • Явган алхалт нь хэдий аялал, амралтын хэв шинжтэй ч алхагч нарыг нарийн дэг журамтай байхыг шаарддаг. Иймд аливаа алхалт, аялалын турш гишүүд, дэмжигчид, шинээр алхагч нар клубын удирдагчийн заавар, шаардлагыг дагаж, сахих естой. Явган аялалын үед тарж бутран явахгүй, зөвхөн тэмдэглээгээ бүхий жимээр цуваагаар явна. Энэ нь олон салаа зам гаргахгүй, байгалиа хайрлах, хамгаалах зорилготой. 
  • Хавар намрын хуурайшилт ихтэй улиралд аялалын явцад ил гал гаргах, тамхи татахыг хатуу хориглох бөгөөд зайлшгүй тохиолдолд гал гаргасан бол сайтар унтрааж шалгаж нягтлана.  
  • Аялагч нар аливаа хол болон ойрын, энгийн зэрэг алхалтанд өөрсдийн идэх хоол, хөнгөн зууш, уух зүйлсийг бэлтгэж явна. Халуун савтай цай, кофе зэргийг авч явж болно. 

  • Уулан дээр үдлэх болон аялалын явцад хог тарихгүй байх ёстой. Хогоо гялгар уутанд хийж цүнхлээд бууж ирсэн хойноо зориулалтын хогийн саванд хийх ёстой. Өөрөө хаяагүй ч ухамсар муутай нэгний хаясан хогийг аваад бууж бусаддаа үлгэр дууриалал болвол сайн. 
  • Эцэст нь зөвлөхөд тухайн аялал, алхалтын өдрийн дулаан-хүйтэний хэм, бороо-цастай эсэх, нартай-үүлэрхэг байх, салхитай зэрэг цаг агаарын урьдчилсан мэдээг харж, тухайн өдрийн цаг агаарт тохируулж хувцсаа өмсөөрэй. Аялалын явцад санамсар болгоомжгүй байдлаас унаж бэртэх тохиолдол байдаг энэ нь хувь хүний өөрийх нь хариуцлага байдаг тул анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.