Уулсын хаан Дэлгэрхаанд
Аюул, эрсдлийг сөрөн, өөрийгөө ялсан анхны өвлийн авиралтХүсэн хүлээсэн аялалдаа гарлаа.
“Мөнххайрхан” уулын аяллын багийнхан 3 сарын дараа Боорноотойгоо (Монгол-Алтай-2015 аяллын багийнхан Мөөгий ахын бор ногоон фургонд ийм нэр өгсөн юм.) дахин уулзсан нь Хорьдол сарьдагийн нурууг зорих болсон шалтгаан байлаа. Бодлын үзүүр дэх “Өвлийн Дэлгэрхаан” гэсэн санааг бодит болгохоор 5 эрэгтэй (Урука ах, Базараа, Шинээ, Зунаа, Эбу), 3 эмэгтэй (Болороо, Ари, би) гишүүнтэй аяллын баг удаж төдөлгүй бүрдэж бэлтгэлдээ орлоо. Жилийн 4 улиралд энэ хайрхныг зорьсон олон олон ахмад болон залуу уулчдын мөр байдаг ч амжилттай авиралтууд нь цөөхөн байжээ.
Дэлгэрхаан өвлийн авиралтын баг
Хэрвээ бидний авиралт амжилттай болвол энэ хайрханд өвлийн авиралт хийсэн, бүтэн багаараа хамгийн олуулаа оргилд хүрсэн гээд олон олон анхны тохиолдлуудын эзэд болж магадгүй ч бид үүнийг зорилгоо болгосонгүй, өөрсдийн чадвар, эр зориг, тэсвэр тэвчээрийг сорьж, өвлийн авиралтын хүнд бэрхийн зах зухаас мэдэрч, өөрсдийн чадах хэмжээгээрээ оргилд мөрөө үлдээхийг зорьсон юм.
Зүрх алдан гаргасан энэ авиралтын шийдвэр дэндүү эрсдэлтэй, дэндүү адал явдалтай бас дэндүү гайхамшигтай. Монгол орны маань уул нуруудаас хэцүү авиралттай уулсын тоонд зайлшгүй тооцогдох Дэлгэрхаан уул нь ДТД 3090м өндөр, эгц, хад асгаар бүрхсэн, нуранги ихтэй, сүрлэг хайрхануудын нэг юм. Хормойд нь очоод оройг нь харахыг оролдвол та малгайгаа унагана даа гэвэл хол зөрөхгүй байх. Энэ хайрханд авиралт хийхийн тулд бие бялдар болоод сэтгэл санааны ихээхэн бэлтгэлтэй байх нь зүйтэй юм.
Ажлаа тараад ачаа, багаж хэрэгслээ бэлтгэн, хүнсээ цуглуулаад утаатай Улаанбаатараасаа оройхон гарлаа. 22-ын товчоогоор гараад явж байхдаа “Ингээд бид аялалдаа гарч байгаа гэж үү”, “Хэдхэн цагийн өмнө ажиллаад сууж байсан даа” гээд л Хөвсгөл нутгийг зорьж байгаадаа итгэж ядан, ажлаа хэрхэн зохицуулсан, даргаасаа яаж чөлөө авсан талаар ам уралдан ярьж, залуусын цангинасан инээд, цоглог хөгжмийн аянд цаг хугацааг үл анзааран шөнө дунд гэхэд Эрдэнэт хотод орж ирлээ. Биднийг клубийн гишүүн Эрдэнээ маань тосч, гэртээ халуун хоол цайтай угтлаа. Ээлжийн ажлаасаа оройхон буусан ч хоол цай бэлтгэн, шөнө дөл болтол биднийг хүлээж байдаг ийм л сайхан сэтгэлтэй залуус биднийг үргэлж хүрээлж байдаг юм.
Улаан-Уул сумын зүг.
Бидэнд унтаж амрах хангалттай хугацаа байгаагүй ч жолоочоо амраах далимандаа өөрсдөө бас дуг хийгээд амжлаа. Үүр цайхтай уралдан босч замдаа гараад цэгцтэй цэвэрхэн Мөрөн хотод ирлээ. Цагаан сар болоод удаагүй тул очсон айлууд бууз баншаар дайлах нь элбэг бөгөөд бид ч нэр харалгүй идэж явлаа.
Машиндаа түлш аваад төд удалгүй замдаа гарч Алаг-Эрдэнэ сумыг өнгөрөн Улаан-Уул сумыг зорих замд мотоцикльтэй хүн бидний замыг тосон цасан хунгарт бүдчүүлэн явахыг хараад биеийн чилээгээ гаргангаа замын хүнийг хүлээлээ. Дулаан машинаас буухад тэнгэр бүрхчихсэн, оройн жавар орж, жихүүн салхитай учир гадаа удаа ч үгүй байхад л хамрын үзүүр даарч эхлэв. Цаг агаарын мэдээгээр л сонсдог байсан Дархадын хотгорын хүйтнийг мэдрээд “Энүүхэн хооронд ингэж даарч байж яаж ууландаа гарах юм бол доо” гэсэн бодол толгойд зурсхийв.
Тэд гэр бүлээрээ Алаг-Эрдэнэ сум орж золголт хийгээд, сумаас өглөө гарсан ч цасан хунгарт унаж, босон явсаар олигтой зам хороож чадалгүй 1 мотоцикль нь эвдэрч явах боломжгүй болсон нь энэ ажээ. Бас болоогүй ээ 2 настай хүүхэдтэйгээ явж байх юм. Жавар тачигнасан өвлийн хүйтэнд хэдий үстэй дээлээр хулдсан ч гар, нүүр нь ил шахам мотоцикль дээр явах энэ бяцхан жаалыг хараад өөрийн эрхгүй хацар хайрагдах шиг. Халуун хоол ундгүй, өвлийн хүйтэнд гадаа өдрийг барна гэдэг паартай байшинд суудаг мань мэтийн санаанд багтах зүйл бишээ. Цагаан сар өнгөрч хаврын урь орсон ч 2 дугаар сар учир цаанаа л жихүүн, жавартай байлаа. Энэ хүйтнийг ажралгүй мотоцикль дээр явж, бүтэн өдрийг гадаа өнгөрөөж байдаг ёстой л Дархадын хотгорын үр сад юм даа. Өвлийн хүйтэнд өдөржингөө гадаа байсан хүмүүс ямар л сайн байхав ядаж халуун хоол, унд идээгүй байж таарна.
Авч явсан халуун цай, бага сага идэж уух юм өгсөн ч эрчүүд нь нэрлэхсэн үү яасан нэг их идэж шальсангүй хүүхэд эмэгтэйчүүддээ өгөх нь харагдлаа. Ингээд ээж хүү 2-г машиндаа суулгаад хэсэг явсны дараа 1 мотоцикль нь таг зогссон тул замаас гарган ойролцоох айлын хот бараадуулж орхиод нөхрийг нь шахаж суулган нөгөө мотоциклийн араас дагалаа.
Үстэй том дээл, монгол гуталтай 2 том хүн нэмэгдсэн тул нэлээд шахалдангүй, манайхны зарим маань ачаагаа бөөгнүүлсхийгээд суудлын дунд сууж явсан ч нутгийн иргэдтэй хууч хөөрөн, чийрэг жаалыг эрхлүүлэн явсаар даваан дээр гарлаа.
Цас мөсөөр хучигдсан замаар харанхуйд даваа уруудах болоод жолоочийн тушаалаар бүгд машинаас бууж алхлаа. Одод аль хэдийн түгж, том сар гарсан тул алхахад духны гэрэл хэрэглэх шаарлагагүй байв. Өлмий дор цас дуугарах, гутал нь хальтран хөл алдан гулгахдаа хөдөөний эгчийн уулга алдах дуу, хүний хөлд өнхрөх замын хажуугийн чулуу, модны чимээ жавартай шөнийн нам гүмийг эвдэж, хааяа тэнгэр ширтэн, оддыг ажиглан хөшөө мэт зогсох намайг “сэрээнэ”. Нэлээдгүй газар алхсаны дараа машиндаа хүрч сумын зүг хөдөллөө. Сумын зүүн захын ой модтой залгаа шахам зайдуухан байрлах 2 гэртэй айлд хүрч замын хүмүүсээ буулган жижгэвтэр гэрт орлоо. Айлын эхнэр зуухны хажууд байрлах жижигхэн хөнгөн цагаан данхнаас багахан хэмжээгээр бор шар өнгөтэй цай аягалж өгөв. Яагаад ч юм аягатай цай их аагтай, бас гашуун санагдаад бүрэн ууж чадалгүй үлдээлээ. Одоо бодоход кофе уудаггүй, бас сайн мэддэггүй надад энэ цайны өнгө, амт, хэмжээ нь хар кофе гэдэгтэй тун ч төстэй юм шиг би л хувьдаа ийм цай урьд өмнө амсаж байсангүй, манайхан ч бас дор дороо энэхүү цайны талаар өөрийн дүгнэлт хийсэн биз ээ. /Тухайн үед энэ цайны талаар хэн ч юу ч дурсаагүй санагдана. Харин тэмдэглэлийг маань уншаад энэхүүг цайны талаар нэхэн санан ам уралдах ярих буй заа./
Анх удаа Хөвсгөл нутгийн гүнд ирж Дархад /би л Дархад гэж бодсон л доо/ айлд орсон надад хоорондын яриа, гэр орны байдал зэрэг нь ихэд сонирхолтой санагдав.
Хөвсгөл нутгийн жолоочтойн ачаар явах зам хийгээд, хоног төөрүүлэх газруудын талаар санаа зовохгүй бас цаг алдахгүй байсан нь бидний том давуу тал байлаа. Би хөдөөд дуртайг ч хэлэх үү хөдөөнийхөн сайхан шүү хаа ч явсан “Гэрт ор, дээшээ суу, ид, уу” гээд л байгаагаараа дайлна, цайлна дээр нь уриалгахан гэж жигтэйхэн. Бидний хайгаад байгаа үндэсний баялаг, өв соёл, дэлхийгээс Монгол гэж ялгагдах зүйл чинь хотынхоны муулаад байдаг хөдөөгийнхөнд л байдаг юм даа.
Сумын төв ороод бас л жолоочийнхоо танилынд очиж хоол, цай идэж уугаад гэрийн эзэдтэй өөрсдийн зорилго үйлс хийгээд нутгийн уул ус, зам харгуй, цаг агаарын нөхцөл байдал, тусгай хамгаалалттай газарт нэвтрэх чөлөө зөвшөөрөл гээд нэлээд ярилцсаны дараа ойролцоох буудалд очлоо. Сумын буудал гэхэд боломжийн тохилог, дулаахан, тийм ч үнэтэй биш гэм нь нэлээд эгц шатаар 2 давхарлуу мацах хэрэг гарах нь. Авч яваа зүйлсээ энд л цэгцлэн авиралтандаа бэлдэх тул ачаа бараагаа бүгдийг өрөөрүүгээ зөөж, унтахаасаа өмнө маргааш өмсөх хувцас, багаж хэрэгслээ ялган авиралтанд хэрэглэх зүйлсээ дор бүрнээ бэлдээд эцэст нь хоол хүнс, олс зэрэг нийтийн хэрэглээний зүйлээ бүгд тэнцүүхэн хуваан авлаа.
Уулын спорт нь эрэгтэй, эмэгтэй, өндөр нам, өргөн нарийн, өвгөн залуугаар үл ялгах бөгөөд бүгд л өөр өөрийн ачааг үүрч, ижил замаар нэгэн оргил өөд зүтгүүлнэ. Яг л өвчин, зовлон баян ядуу, хөгшин залууг ялгадаггүйтэй ижил.
Өглөө Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаагаар орж зөвшөөрөл авах болохоор “эрт” босох шаардлага гарсангүй. Амралтын өдөр байсан ч хамгаалалтын газрынхан ажиллаж байсан нь сайн хэрэг байв.
Заавар, журмын дагуу өргөдөл, хүсэлтээ бичгээр уламжлаад, за бараг муухнаар хэлбэл “Үхэхэд гомдолгүй ээ” гэж бичин гарын үсгээ зурчихаад, зохих хариугаа өвөртлөөд хайрханыхаа зүг хөдөллөө.
Үүлэн дунд сүндэрлэсэн хайрханы барааг олж харах мөчид гайхах, айх, бишрэх, сүрдэх зэрэгцсэн, сайн зураг гарахгүйг мэдсээр байж машины явдал дунд, жижигхэн цонхонд тааруулан зургийг нь авахыг хичээн, хурдхан бууж зургийг нь авахсан, тогтуухан сайн харахсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн золтой л “бууя аа” гээд хашгирчихаагүй дээ. Манайхан ч дор бүрнээ өөр өөрсдийн жижиг, том камер, аппарат, гар утсыг бэлтгэн өөр өөрсдийн боломжоор харж, “дарж” явлаа. Хэсэг явсны дараа машин зогсохтой зэрэгцэн зорьсон оргилынхоо барааг тухтай гэгч нь харахаар машины хаалгаар багтан ядан уралдан буугаад өөр өөрийн өнцгөөс зураг авч, зургаа авахуулж, бас гайхам сайхан байгаль, ойр орчмын уулсыг ажиглан хэсэг саатав.
Анх удаа харж байгаа надад Дэлгэрхаан уул үнэхээр сүрдэм, зүрх алдам оргил байлаа, өөрийн эрхгүй л “Ээ бурхаан” гэж дотроо дуу алдав. Үүл манан дундаас сүүмэлзэн харагдсанаа удалгүй мананд хучигдан алга болж хэсэг хугацааны дараа тодрон цэнхэртээд дахин харахад бүдэгрэн өөрийн сүр бараа, төрх байдлыг янз бүрээр тодоос тод харуулан зориг муутай хүн магадгүй зүрх алдан буцах сэдэл төрүүлэм. . .
Яагаад Уулсын хаан Дэлгэрхаан гэж нэрлэсэн утга учрыг энд л өгүүлэх шиг. Энэ гайхалтай оргилд мөрөө гаргах боломж олдох болов уу, мундаг хайрхан юмаа гэж бодон зургийг буулгаж байсан цаг өчигдөрхөн мэт гэтэл аль хэдийн жил тойрчээ.
Цааш явсаар Ар Босготын хавцалд ирэхэд гол нь тэлээд хөндий дүүрэн мөсөн гол болон хөлдөж, тээр дээр тэнгэрт сүндэрлэх цавчим оргилын барааг тольдон, өндөр хавцал дундах мөсөн голоор алхаж явахад амьтны хөлөөр чулуу өнхрөх, хайлмагтсан мөсөн дээр гутлын ул наалдан чихрах чимээ, шувуудын дуу, сайхан байгалийг бахадсан бидний яриатай нийлэн цохио дамжин цуурайтна. Эндэхийн гайхалтай байгаль орчин, энэ үеийн юмс үзэгдэл, байдлыг үгээр бүрэн илэрхийлж баршгүй... “яг л Жамес Камероны кинон дотор яваад орчихсон ч юм шиг” Босготын голоор гулган явахад тэртээ 20 гаруй жилийн өмнө эсгий гуталд коньки хүлээд голын мөсөн дээр өнждөг байсан хүүхэд нас минь эргэн ирэх шиг. Мөсөн голоор уралдан гулгаж, машиндаа нэг сууж, нэг бууж явсааар нэлээд дээшлэхэд хавцал нарийсан машинд маань үүнээс цааш газар үгүй болж эцсийн зогсоолд хүрлээ. Ачаа бараагаа буулган өөр өөрсдийн үүргэвчээ бэлтгээд, ойр зуурын бэлэн хүнсээ идчихээд жолоочтойгоо уулзах цагаа тохирон, “Их үйлсийн зүгт” гэсэн зургаа татуулаад хөдлөв.
Үндсэн авиралт эхэллээ.
Багийн ахлагчаа даган мөсөн гол гатлах нөхдийнхөө зургийг араас нь буулган зогсоход эгэлхэн биедээ ахадсан ачаа үүрэн, үүргэвчнийхээ цаанаас цухуйхгүй ч, эрчүүдээс дутахгүй эрч хүчтэй алхах 2 бүсгүйгээ бахархан харж билээ. Тэд 2015 оны 7 дугаар сард яг энэ замналаар, яг л энэ замыг туулан энэ хайрханы оргилд гарсан гайхам амжилттай яваа найзууд минь юм. Харин одоо бид наймуулаа болоод 2 дугаар сард энэхүү оргилоо дахин зорьж байгаа нь энэ билээ.
Бидний нуруун дахь үүргэвчинд шөнийг өнгөрөөх майхан, унтаж амрах ор, өлсвөл идэх хоол, цангавал уух ус, даарвал давхарлах хувцас, норвол солих гутал, өвдвөл уух эм, хальтирвал тулах таяг, биесээ татах олс, хамгаалах дуулга, дулаацах гал, харанхуйг гэрэлтүүлэх чийдэн, хоол хийх тогоо, шанага, аяга, халбага, хутга, шархны лент, шүдний ооноос эхлээд оргилд мандуулах туг далбаа гээд авиралтын хэд хоногийн “амьдрал” минь тэр чигээрээ багтдаг юм.
Магадгүй та ойрхон ч гэсэн ууланд алхаж, авирч байсан бол бидний нуруун дээрх ачааны зах зухаас бага ч гэсэн мэдэрсэн байх. Тиймээ бид цүнхэндээ бүхий л амьдрал, амь насаа багтааж, зүрхэндээ итгэл найдвар, эр зориг, тэсвэр тэвчээр, нөхөрлөл, хүндлэл, баяр бахдал, биенээ гэсэн сэтгэлээ тээж явдаг юм. . .
Авиралтын замд
Биднийг алхаж эхлээд удаагүй байтал мотоциклийн дуу ойртон манай машин дээр очоод зогсчих шиг боллоо. Бид байгаль хамгаалагчтай уулзах ёстой байсан боловч гэрийг нь олоогүй тул шууд явчихсан нь энэ байв. Гэтэл тэр мундаг байгаль хамгаалагч биднийг зориод олоод иржээ. “Бид байгалийн дайсан биш, бид таны хамтрагч тул байгаль хамгаалагч та тайван байж болноо. Уулзаж амжилгүй явчихлаа уучлаарай, оргилдоо золгочихоод удахгүй буцаад ирье дээ” гэж амандаа шивнэчихээд цааш алхлаа.
Ингэхэд бид хэдэн кг ачаа үүрч, хэдэн градусын налуугаар хэдэн км зам туулсан юм болоо? Гэнэт сонирхолтой санагдав. Гэвч би лав хэмжиж, тооцож, тодорхойлж үзээгүй юм байна. Магадгүй дуссан хөлс, хөлсөнд нэвтэрсэн хувцас, хальтирч шалбарсан арьс, эвэршсэн хурууны өндөг, элэгдсэн гутлын ул, мөлгөр болсон мөсний сүх, муурын хумсны ир, таягны хошуу л энэ бүгдийг мэдэж байгаа байх. Өөрөөсөө 2 дахин том цүнх үүрчихээд эгц налуугаар хад, асга, цасан хунгар, мөсөн хүрхрээ дамжин, энгэрт ургасан бас унасан модон дундуур явна гэдэг бэрх даваа. Цасанд дарагдаж, мөсөөр хучигдсан өвсөн дээр гутал хальтарч, нүүрээ цасаар ээлжлэн угааж, хажуу газар цүнхэндээ дийлдэн хальт гишгэж, цасан хунгарт бүдрэн хааяа хааяа тэнгэр харан “таван хошуулдах” нь цөөнгүй.
Ээлж дараалан мөсөн дээр, хаданд, чулуунд тээглэн хальтарч нүүрээ цасаар угаачихаад биенээ шоолж инээлдэх хөгжилтэй залуус шүү
Гэсэн хэдий ч цоглог залуус дуугаа аялан, цасан сахалтай болсон биесээ шоолон инээж, бас болоогүй энүүгээр тэрүүгээр “папараци” хийчих санаатай камераа бэлэн барьж явсаар багагүй газрыг туулсан ч товлосон газраа очихоос өмнө харанхуй болов. Жаахан зуур амарч, хүчээ сэлбэж аваад духны гэрлээ гарган Бор дэл өөд зүтгүүлсээр л . . . Нөгөө л том цүнхээ үүрсэн хэвээр харанхуйд цасаар хучигдсан модон дундуур хажуу газраар дээш өгсөх улам л их хүч шаардаж байлаа.
Хоноглоход тохиромжтой газар таарахыг хүлээн өгссөөр шөнө дунд дөхөв. Ингэж явбал олигтой газар ч хороохгүй бас тухтай газар ч олдохгүй бололтой тул хэсэг хад бараадан мод багатай гэсэн газрыг сонгон буудаллахаар болоод үүргэвчээ буулгатал уулын хажууруу золтой л өнхөрчихсөнгүй. Учир юу гэвээс ар нуруундаа хүнд ачаа үүрэн хэдэн цагаар дээш зүтгүүлсний дараа ачаагаа буулгатал өөрийн эрхгүй хөл тэнцвэр алдан урагш дийлсэн нь тэр байв.

Өвлийн адаг сарын шинийн 14 байсан нь томоос том сар гарч бидэнд их завшаантай зүйл болов. Сарны гэрэлд мод, чулуу, цасаар газрыг хэвгийг тэгшлээд, арай ядан 2 майхнаа багтаан барив. Шөнө болсон хойно 30, 40 градусын налуутай уулын энгэрт цэмцийсэн цементэн шал шиг талбай засна ч гэж юу байхав ямартай ч унтахад майхантайгаа өнхрөхгүй, хэвтэхэд дороос холгохгүй болгон газраа засаад майхнаа барин 3-н модоос татаж уялаа.
Майхнаас дээш 10 гаруй метрын зайнд байрлах багахан хадыг түшиглэн гал түлж хоолоо хийж идээд, маргааш уух чацаргана, үзэмний шүүс зэрэг хүнсээ бэлтгэн, өнөөдрөө дүгнэн маргаашаа төлөвлөөд тус тусын майхандаа орж үүргэвчээ бэлдчихээд хэвтлээ. 2 хүний майхандаа Болороо, Ари бид 3 ч аятайхан багтчихлаа, харин залуус маань яажшуухан багтсан бол доо гэж бодон хэвтэж байтал чи наашаа би цаашаа гэж байснаа инээлдэх сонсогдов. Инээж байхыг бодоход дажгүй байгаа бололтой. Удаа ч үгүй хүрр хүрр гээд хурхирах, исгэрэх гээд янз янзын авиа урд зүгээс дуулдлаа. Хэн нь яаж хурхирдгийг бараг л мэддэг болжээ дээ гэж. . .
Унтахаасаа өмнө бүх зүйлээ бэлдсэн тул өглөө зарласан цагтаа бүгд босоод алхаж эхэллээ. Тэнгэр цэлмээд сайхан өдөр болох нь ээ.
Үүр цайхтай уралдан Бор дэл дээр гарч ирэхэд их хайрханы зүүнтэйгүүр наран ургаж, баруун талд Улаан тайгын нурууны цаагуур саран авхай жаргах нь харагдлаа. Нараа тосон хэсэг амсхийж аваад Бор дэлээ даван уруудлаа. Модон дундуур эгц өөд өгсөж байснаа бодоход доошоо уруудах тун таатай. Зарим газар гулгаад амжлаа. Хэсэг эвгүй хад дамжин буугаад хайрханы хормойд хүрч цайгаа ууж хүчээ сэлбээд дээш өгсөх бэлтгэлээ базаав.
Пионер оргилын зүүн талын жалга даган хавцал дундуур дээш өгслөө. Цасан хунгар туулан сүүдэр дагаж явсаар нэлээн дээр гарав. Дээшлэх тусам налуугийн градус нэмэгдэж өвдгөө багахан нугалахад л цасанд тулж байсан бөгөөд хөлөөр өнхөрсөн цас ард яваа хүнийг цохих эрсдэл хаа сайгүй байв. Мөн цас нь улам хатуурч зам гаргахад хүндхэн болж байлаа. Залуус маань ээлжлэн зам гаргаж явсан бөгөөд “зарим нэг” хүний гаргасан зам мөсөн дээр гүйгээд өнгөрсөн мэт байсан тул тушаал буурч ард гарав аа. Шинээ, Болороо, Базараа нар ээлжлэн зам “хагалж” явсан бөгөөд улам л цас нь хатуурч мөстөн урагшлах хугацаа удааширч байлаа.
Заримдаа нимгэн цас, мөсөөр хучигдсан хадаар, заримдаа салтаа давсан цасан хунгараар хэрж явсаар Пионер оргилын харалдаа өндөрт гарч багаараа цуглаад цааш явах замаа ярилцаад мацаж эхлэв. Оргилд хүрэх замынхаа гурваны хоёрыг туулсны эцэст нимгэн цасаар бүрхсэн илгэн хаданд тулж наашаа ч үгүй цаашаа ч үгүй гэдэг болоод гацаж орхив. Энэ хэсэг замыг олс тавьж туулах шаардлага гарсан тул олс тавихаар залуус ээлжлэн дээш зүтгэсэн боловч хальтарч гулсаад 1 алхам ч урагш ахисангүй. Нэгэн удаа бүр Шинээ маань нэлээд газар гулсаад “нүдний өмнүүр амьдрал жирэлзээд” гэдэг болсон байх, 2 метр хэртэй илгэн хадаар гар хөлөө сарвалзуулан гулсах Шинээг Базараа авхаалж гарган барьж аваагүй бол юу ч болоо билээ дээ гэж бодохоор нүд харанхуйлах шиг. . .
2015 оны 6 дугаар сард Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаан ууланд авирч явахдаа мэдэрсэн “Уулчин хүний алхам бүрээс үхэл чангаан байдаг” гэдэг тэр мэдрэмжийг 2 дахь удаагаа Дэлгэрхаан уулнаа дахин мэдрэв. Тиймээ бид эрсдлийг эр зориг, авхаалжаараа давж бүтэн багаараа үлдэж чадсаан. Бид чадахгүй нь ээ гэж ухралгүй нөхцөл байдлаа дүгнээд бүгд кранфоноо зүүж, Шинээд олсоо бэхлээд хүн бүр дор бүрнээ хамгаалалт хийж дахин оролдлоо. Мөсний сүхэнд олсоо ороож цасанд шигтгэхэд 2 төө хэрийн яваад л хаданд тулж орхив. Ийм хамгаалалт найдвар муутай ч хүн бүр чадах ядахаараа хамгаалалтаа сайн хийхийг хичээж байлаа. Базараа, Шинээ 2 маань ээлжлэн олсоо аван дээш авирч хэд хэдэн удаа хальтарч доош унаж, гараа шалбалж, өвдөгөө хөхрүүлсний эцэст илгэн хадыг давж цаана байрлах хаднаас бэхэлгээ хийж чадлаа. 10-аад метр газрыг туулах гэж 2, 3-н цаг нэг газраа хөдөлгөөнгүй шахам зогссон бид сүүлдээ хөлнөөсөө даарч, гар бээрч эхэлж билээ. Хэдхэн метр газрыг туулах гэж нэлээд цаг алдсан тул цааш яаруухан явлаа. Үүнээс дээш 2 ч газар олс тавьж гарлаа. Сүүлийн олс тавьсан хадаар авирч гарахад цаана эх орны минь алтан соёмбот үсэгтэй улаан хөх далбаа намиран Дэлгэрхаан оргилын овоо харагдлаа. Энэ дүр зургийг хараад өөрийн эрхгүй хоолой зангирч, бахдал, баярын нулимс зэрэгцэж билээ. /энэ хэсгийг бичихэд бас уншихад яг л оргил дээрх тэр мэдрэмжийг дахин мэдэрч, нулимс нүднээ бүрхэв/. Овоо хүртлэх зам маань үргэлжилсэн нарийн ирмэг харагдах тул эндээ бүгдээрээ цуглаад цуваа болон цааш хөдлөв. 2 хүн хэцүүхэн зөрөх хадан ирмэг дамжин явсаар 17: 38-д оргил дээрээ гарлаа. Аз болоход салхигүй, тогтуун, тэнгэр цэлмэг, нартай, намуухан өдөр байж хайрхан биднийг сайхан хүлээж авлаа.
Оргилд тэмүүлэх мөч
Бид үүнийг хийж чадсан гэж үү?. . . Тиймээ бид чадлаа. Итгэл, эр зориг, тэсвэр хажуужил, тэвчээр, биенээ гэсэн сэтгэлийг маань шалган, мах, яс, цус, судас, шөрмөсөндөө хүртэл мэдэрсэн авиралтынхаа талд нь хүрлээ.
Эргэн тойрон юутай үзэсгэлэнтэй, юутай гайхалтай бас сүрдэм, үгээр өгүүлшгүй гайхамшгаар дүүрэн. Хойт зүгт цавчим хадан оргилууд сүүдэрлээд, Ар босготын хавцал мугширан хавцал дүүрэн мөс гол гялтаганан үзэгдэх нь сүрдэм, урд зүгт Бүслүүр уул, Уран дөш хайрхан зэрэг олон хайрхан уулс өөр өөрийнхөө өнгө төрхөөр дүнхийнэ, баруунтаа Улаан тайгын нуруу тунаран амар амгаланг илтгэх шиг. Мөн бидний алхаж эхэлсэн цэг хийгээд бүхий л зүйлс алган дээрх мэт ил харагдан байлаа. Үүрийн 5-н цагаас эхэлсэн авиралт үдшийн 5 цагт оргилдоо хүрч үргэлжиллээ. Оргилд багаараа хүрч чадсан бид бие биедээ баяр хүргэн тэврэлдэхэд баярын нулимс нүднээ бүрхэж хоолой зангирах нь энэ үйлд явдал бодит үнэнг батлах мэт.
Оргилд хүрсний баталгаа болгон зураг хөргөө авахуулж, авч гарсан туг, далбаануудаа ээлжлэн мандуулаад эргэн тойрны байгалиа сэтгэлдээ бас дурандаа буулгаад буцах бэлтгэлээ хийлээ. Энэ сайхан мөчийг мэдэрсэн болохоор ядарч сульдсан бие минь тэр дороо сэргээд ирэх шиг. Зогссон газраасаа эргэн тойрноо яаруухан дарж, зургаа авахуулчихаад буцах замдаа орцгоолоо. Зорьсон оргилдоо хүрнэ гэдэг авиралтын 50 хувь бөгөөд эсэн мэнд, бүрэн бүтэн үндсэн отогтоо бууж ирснээр бидний авиралт амжилттай боллоо, бид зорилгоо биелүүллээ гэж нүүр бардам хэлэх эрхтэй болдог. Тиймээс буух зам гэсэн том даваа бидний өмнө байгаа тул оргил дээр өөрийн дураар тухалж, саатах боломж тун тааруу. Нар жаргахаас өмнө бартаад замаа дуусгахгүй бол ямарч эрсдэлтэй нүүр тулж болохыг та гадарласан байх.
Буцах зам. Зарим тохиолдолд бууна гэдэг гарахаасаа ч илүү хэцүү байдаг.
Олсоо хад, чулуунд зүсэгдэхээс сэргийлэн өөрийнхөө хувцсаар жийрэг хийсээр манай багийн шерпа болж яваа Шинээ маань оргил дээр гарахад нэлээд нимгэрсэн байлаа. Шинээ Болороо 2 маань тавьсан олсоо хурааж авахаар биднийг буухыг хүлээх зуур салхинаас хоргодон хадны нөмөрт зогсохыг харахад бахархмаар бас өөрийн эрхгүй яармаар.
Эбу, Ари, Зуна бид түрүүлж буухдаа сүүлд тавьсан олсоо аваад бууцгаалаа. Уруудсаар уулынхаа хормойд хүрч, орхисон зүйлс дээрээ ирээд бага сага идэж, уух юм бөөгнүүлж үлдээгээд, бусад юмаа аваад цааш явлаа. Аль болох хурдхан майхан дээрээ очиж, хоол унд хийх хэрэгтэй тул яаруухан явсан бөгөөд Эбугийн хөл холгосноос удаан явж байсан тул нөгөө хэдтэй нийлж ирэхийг сануулаад бид 3 Бор дэлийн урд талаас дээш мацаж эхлэв. Нэлээд ядарсан бас бүрэнхий болсон гээд нэг их таатай нөхцөл угтсангүй. Хурдхан шиг майхан дээрээ очиж, үүргэвчээ буулгаад, гутлаа тайлаад хөлөө амраахсан гэсэн бодолдоо хөтлөгдөн амрахыг умартан эгц өөд зүтгүүлсээр л. . . Хааяа нэг эргэн харахад Эбугийн духны гэрэл модон дунд сүүмэлзэхээс өөр гэрэл харагдахгүй байсан бөгөөд нөгөө хэд маань гайгүй бууж байгаадаа гэж бодон эргэж харан харан Бор дэлээ давлаа.
Сарны гэрэл улам тодрон бидний замыг гэрэлтүүлж байсныг бодоход бидний зам мөр гэгээн байсан байх. Урд яваа Ари, хойно яваа Зунаагийн барааг алдчихгүйг хичээн өглөөний явсан замаа товчлох, цаг хэмнэх маягаар модонд дундуур бүдчин буулаа. Бүтэн 20-иод цаг өөд уруугүй тасралтгүй ажилласан хөл маань уруу замд заримдаа удирдлагагүй шахам энд тэнд гишгэгдэн, чулуу мод таарсан үед тэнцвэр алдахад унахгүйг хичээн гүйх шахам уруудлаа. Ямартай ч майхныхаа барааг харахад олон жил уулзаагүй дотно найзтайгаа тааралдаж буй мэт сэтгэгдэл төрөн өөрийн эрхгүй нүүрэнд мишээл тодорно. Үүргэвчээ буулган норсон хувцасаа сольчихоод хамгийн түрүүнд хийх зүйл маань гал түлэх тул газ, шүдэнзний эрэлд гарсан ч гал ноцоочих бэлэн юм олдсонгүй. Хөлдүү газаа өвөртөө хийчихээд, мод түүж, хайлах цасаа бэлдээд газаа асаах гэж оролдсон ч тусыг эс олов. 20, 30-н минут үр дүнгийн өнгөрсөнд бухимдах ч шиг, одоо галтай л болчихвол гэж бодон газаа бараг л гэдсэндээ нааж гараараа барьж бүлээн болгоод, хуурай 00-н цаас авч газны хошуун дээрээ тавиад очлуурыг дартал ашгүй цаас маань уугьж эхлэв. Түрүүлж ирээд хоол унд бэлддэг сүрхий хүн болсон чинь галгүй хоосон сууж байх нь гэж санаа зовж байсан болохоор галтай болсондоо майхнаа олж харсан шиг ээ баярлаад нүүрний арьс тэнийгээд явчихсан даа.
Хадны нөмөрт түүдгээ асаагаад хажууд нь 2 газан дээр жижиг саванд цас хайллаа. Овоолсон цас маань хэдхэн балга ус л болж байх шиг арай гэж 2 халуун саваа бүлээн усаар дүүргээд хоолны усаа бэлдэж байтал тас няс хийн мод, цас дуугаран нөгөө хэдийн хөлийн чимээ сонсогдлоо. Тэд нэлээд ядарсан бололтой зарим нь үүргэвчээ ч буулгалгүй түүдгийн дэргэдэх мод түшин унах шахам суугаад зөвхөн “Ус” гэж гар сунгана, 2 халуун сав ус тэр дороо алга болжээ. Цас жаахан хайлав уу үгүй юу аяганд дүүргээд өгөхөд 1 амьсгаагаар дуусган дахин “ус” гэж сарвайна. Эхлээд усаа халаах гэж оролдож байсан бол сүүлдээ цасаа хайлуулах нь чухал боллоо. Хайлсан, хайлаагүй цас, усны холимогийг нэлээд залгилаад, хэсэг амьсгаа авсны эцэст би хэн билээ хаана юу хийж яваа билээ гэснээ санасан шиг дуу шуу хөөр баяр болоод явчихлаа. Нэхэн санахад майхан дээрээ ирсээр би өөрөө ч ус балгаагүй, бас хамгийн түрүүнд гутлаа тайлна гэж бодож байсан тэрийгээ хийхээ ч мартаж орхижээ. Амны цангаа ч усны ууранд арилсан бололтой.
Эбугийн гутлыг хоёул гурвуул хамжин арай гэж тайлахад бойтог пластик 2-н дунд сөөм илүү цас хураагаад нэлээд өндөр болсон байлаа. “Хөөх Эбу өндөр өсгийттэй 40, 50 градусын налууруу буужээ” гэхэд “Энэ бас ховор чадвар шүү” гээд хөнжилдөх нь ядарсан шинжгүй байв. Хоол болох зуур өөрөө гутлаа тайлах гэж бас л чамгүй хүч гаргалаа, хөл маань хөөсөн ч юм уу гутал чийгтээд наалдсан ч юм уу золтой майханлуугаа өнхрөөд орчихсонгүй. Хичнээн хүйтэн байсан ч оймсоо тайлан хөлөө жийгээд хуруунуудаа сарвайлган суух бас сайхан байсан даа.
ариун сүм дуган юм”
Багахан хад түшиглэг байгуулсан гал тогооны хэсэг дэх түүдгийн дэргэд бүгд тойрон суугаад хоолоо идэнгээ замд тохиолдсон адал явдал, оргил хүртлэх бартаа, аминд тулсан эрсдэл, оргил дээрх сэрэл мэдрэмж, эргэн тойрны байгаль, уул ус гээд үүр шөнөөс эхэлсэн авиралтынхаа тухай өөрийн өөрийн бодол, дүгнэлтээ хийн ярилцан суух нь хамгийн дээд жаргал ч юм шиг. “...Шинээг хадаар гулсаж байхад ёстой аймаар байсан шүү ...”, “...Нэг хэсэг гэдэс гүйлгээд хялааж унах шахсан...”, “...Халаасанд байсан адууны махаа хүлхэх гэтэл шүлс ч үгүй болчихсон явж байхад цас идчихмээр л...”, “Сүүлийн олсоор дээшээ гарахад хайрханы овоо харагдаад л...” гэсэн яриан дундуу “Энэ Шинээ, Болороо 2 аймаар “нарийн” шүү, харанхуйд болгоомжтой буугаарай эхэлж тавьсан олсоо үлдээгээд ирээрэй гэж захиж захиж буухад аваад ирсэн байгаа юм даа” гээд Урука ах бахархсан янзтай өгүүлэхэд: “Болороо чинь ёстой зоригтой юм билээ тэр олсоор буух гээд би айгаад яаж буунаа гээд зогсож байсан чинь “Хурдан бууяа чи энэ талаар, би тэрүүгээр олсоороо зэрэг доошилно шүү, буугаад олсоо татаад авчихъя” гээд шууд буухад бэлдэж байсан” гэж хэлээд Шинээ айдсаа дахин мэдрэх шиг боллоо. Түүдгийн бүдэгхэн гэрэлд Болороо чимээгүй инээвхийлэн сууна. “...Дээшээ өгсөж байхад Зунаагийн зам гаргадаг гоё тэй” гээд тэндээс нэг нь инээд нэмлээ. Дархадын хотгорын хүйтнийг үл анзааран, түүдгийн дэргэд буу халан биднийг ийн хөгжилтэй, хөөртэй яриа дэлгэн байхад аль хэдийн 12 өнгөрч шинэ өдөр эхэлсэн байлаа. “Маргааш тааваараа бууцгаана аа” гэх ахлагчийн үг чихэнд сонсоголонтой. Өглөө яарамгүй босч цайгаа уучихаад майхнаа буулган, бууриа цэвэрлэж байхад энэ хэнийх вэ гэх дуу гарахад, миний цүнх дүүрсэн одоо юу ч авахгүй, наанаа үлдээ гэж хариулахыг сонсоход Эбугийн эд зүйл үлдсэн бололтой. Энэ мэт хэзээ ч хаана ч наргиан хийж хөгжилдөж чаддаг залуустайгаа цуг аялахад уйдахгүй сайхан шүү.
Бүх ачаагаа баглаж, гол тогоо, майхан, олс гээд нийтийн хэрэглээний зүйлсээ хувааж үүрээд буцах замдаа бэлдлээ. Зорьсон зорилго биелүүлсэн болохоор нүүрэндээ мишээлтэй, нүдэндээ жавхаатай, сэтгэлдээ бахдалтайгаар машиныхаа зүг гүйгээд, гулсаад, өнхрөөд, үсрээд, нисээд л уралдан буулаа. Босготын голд дөхөх тусам хөл хөнгөрөөд л, өглөөхөн дааж ядаж байсан цүнх хоосон юм шиг санагдана. Мөөгий ах маань аль хэдийн ирчихсэн инээд алдан тосч, үүргэвчүүдийг маань ээлжлэн буулгаад “Цай уугаад эртхэн хөдлөе, байгаль хамгаалагчийнх тогоо дүүрэн мах чанаад та нарыг хүлээж байгаа, та нарыг бид нар дурандаад л байлаа” гээд баяртай аргагүй хэллээ.
Дэлгэрхаан ууландаа амжилттай авираад ингээд л машин дээрээ ирсэн юм даа
Үүргэвчээ буулгачихаад дээр нь сандайлж суугаад нэг сайхан амьсгаа аваад хайрханы зүг харах хичнээн бахдалтай гээч, энэ мөчийг мэдрэх гэж их зүйлийг туулж, олон бэрхшээлийг хамтдаа давж тэр сүмбэр оргилд хүрчихээд ирсэн дээ.
Уулсын хаан Дэлгэрхаандаа хийсэн өвлийн авиралтын тэмдэглэлээ домогт уулчин Анатолий Николаевич Букреевын хэлсэн “Уулс бол нэр төрөө мандуулдаг дэвжээ бус сүсэглэн биширч суралцдаг ариун сүм дуган юм” гэсэн үгээр төгсгөж байна.
Биднийг сайхан хүлээж авсанд баярлалаа.
Үнэт цагаа хомслон тэмдэглэлийг маань уншсан танд баярлалаа, уран үг, уянгын халил байхгүй ч болсон явдал, тохиолдсон бэрхшээл, төрсөн сэтгэгдэл, буулгасан зураг гээд бүгд үнэн болоод бодит, засваргүй бөгөөд хуулбаргүйгээр сэтгэлдээ зураглан, бодолдоо цэгцэлж, амандаа хэлж, гараагаа бичсэн нэгэн аялал, авиралтын маань дурсамжийн хэлхээс мөн болно.