card

Цагаан Дэглий Хайрхан аяллын тэмдэглэл

2015 оны 6-р сарын 15 ны өдөр Цамбагарав Хайрхан-с бидний гурван фургон Баян-Өлгий аймгийн зүг хөдөллөө буцах замдаа машинаасаа хоцорсон Гангаамаа Гавяатыг авч явсан биш гавяатын К2, Эвэрест- д хийсэн  авиралтуудын талаарх амттай яриа сонсон их л хурдан Баян-Өлгий аймагт орж ирлээ. Гавяатыг буудалд нь буулгаад хурдхан хүнсээ цуглуулаад хөтөчтөйгөө /Увс аймгийн уулчин Баттулга/  уулзах газар болох Хотгорын нүүрсний уурхайд ирэв.

Удтал хүлээсний эцэст хөтөч маань ирж олон нуурын хөндийн зүг хөдөлцгөөв. Гадаа нэлээн халуун дээр нь ачаа ихтэй  даваа өөд зүтгүүлснээс болоод гурван фургон маань байс хийгээд л ёс юм шиг ус нь халаад салхи сөрөөд л зогсоно, холын замд энэ мэт аар саархан асуудал бол юу ч биш тул ингэж тэгж явсаар олон нуурын хөндийд алхаж эхлэх газартаа ирж буудаллав . Тэнгэр бүрхэж бороо нэг хоёр дуслаад л хүн бүрийн санаа зовниж бороо л битий ороосой Хайрхан маань биднийгээ ивээгээсэй гэж дотроо залбирна. Хөтөч маань их л санаа нь зовсон янзтай үе үе санаа алдана . Орой ч болсон тул даргын командаар тойрог болж зогсоод 9, 9, 8 хүнтэй гурван олсонд  биеийн жин болон туршлага чадвар зэргээр хуваагдаад  олсны ахлагч болон урд ард хэн хэн явахыг бүгдийг нь тохироод ачаа тээшээ бэлдээд унтаж амарцгаав.

 


2015.06.16-ны өглөө тэнгэр цэлмэг сайхан байлаа эртлэн босцгоож майхан сав, гудас мишок, хоол хүнсээ гээд хэрэгтэй бүхнээ үүрцгээн хайрханыхаа зүг хөдөллөө. Өндрийн кэмп байгуулах тул хүн бүр л  эр эм гэлтгүй хүндхэн ачаатай алхана, хайрханы бэл хүртэл  15км дээшээ өндрийн кэмп хүртэл 2км орчим явна гэсэн бүдэг бадаг төсөөлөлтэй . Өгсөж уруудан дов сондуул дундуур алгуурхан өгсүүр ч тасралтгүй алхцгаана. Нар шараад халуун гэж жигтэйхэн хэдий хүнд ачаатай ядарч явлаа ч олон нуурын хөндий орчмын тэр сайхан байгалын үзэсгэлэнг харж сэтгэл сэргэнэ. Сүрлэг өндөр хайрхануудын дүрс нуурын усанд толинд туссан тусгал мэт үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Зурагчдын маань мөрөөдөл биелэж нааш цааш гүйн олсон өнцөгөөсөө хүссэн каадраа дарна.

 


Удтал явсны эцэст огцом өгсөх хадны доохи нь голын эрэг дээр ирж хөнгөн цайлаад цааш хөдлөв. Сул чулуу ихтэй огцом асга хадны дээшээ хүнд ачаатай халуун наранд мацна гэдэг хүссэн хүн бүрийн хийдэг ажил бишээ. Ядарсан ч ядарлаа гэлгүй зорисон зорилгоо биелүүлэхийн төлөө бүгд нэг санаатайгаар зүтгүүлнэ. Урд яваа нэг нь анхаарал болгоомжтой явахгүй бол хойно яваа хэд дээр маань хад чулуу унах аюултай . Хадаар өгсөж явтал бороо ганц нэгээр дусаж норсон хадаар дээш өгсөхөд улам л бэрх болж байв. Мөнх цасны ёроолд ирэхэд бороо улам ширүүсч каранпоноо зүүгээд хөдлөхийн хооронд л бүгд шалба норж орхив . Ямартай ч хад асганаасаа дээш гарсан болхоор борооны цуваа өмсөн, мөсний сүхээ гартаа бариад л дээшээ өгсөөд алхцгаав. Бороо улам л ширүүсч доор халууцаад хамаг хувцасаа тайлсан хүмүүс нэвт норж  мөсөн гол, мөнх цасны жаварт хайрагдана.

Нойтон бээлийтэй гарт барьсан төмөр мөсний сүх гар хайрч, цув дагаж урссан ус гутал дотор орж, хөлийн хуруу, гарын хуруу бээрч мэдээ алдаад,  бүх бие тэр чигтээ хүйтэн бороонд норж дээшлэх тусам бороо цасаар солигдож нүүр нүдгүй цасаар гуядана. Хасах хэмд нэвт норсон зуны хувцастай цасан шуурга сөрөн алхахад цүнхтэй ачаа норж улам хүндрэнэ.

 

Ёстой л хайрхан маань бидний тэсвэр тэвчээр хүсэл тэмүүлэлийг шалгаж байгаа гэлтэй.  Гэтэл бидний өндрийн кэмп байгуулах байсан газар ангал үүссэн тул ахин дээш өгсөх болов. Өндөрт гарах тусам өтгөн манан бүрхэж эргэн тойрон юу ч харагдахгүй урд яваа хөтөч маань үе үе зогсож ангал чагнана . Удтал өгссөний эцэст жижиг хадны нөмөрт кэмпээ байгуулахаар болов. Норсон даарсан гэлтгүй хүн бүр хөдлөж цас тэгшлэн майхнаа барьж нойтон хувцасаа сольж халуун унд уух тэр мэдрэмж бол энэ ертөнцийн хамгийн сайхан мэдрэмж.  Саяхан л даарч бээрээд хөлдөхийн наагуур байсан гэхэд бүгд л сэргэчихсэн майхан бүрээс л инээд сонсогдоно. Гадаа битүү манантай бүрхэг хэвээр . 2015.06.17 ны өглөө өндрийн кэмп дээр:  Гадаа бүрхэг манантай хэвээр цаг агаар сайхан болоосой тэнгэр цэлмээсэй гэж залбирцгаана. Гэнэт л үлгэрийн юм шиг манан шингэрч тэнгэр нүд ирмэх зуур цэлмээд бид ч сандралдан хувцасаа өмсөж каранпоноо зүүгээд гурван олс дарааллан зогсож оргил өөд  дайралтаа хийлээ.

 

Өмнөх өдөр нь нэгэнт биднийг шалгачихсан болхоор хайрхан маань ч биднийгээ сайхан хүлээж авлаа. Тэнгэр цэв цэлмэг, эргэн тойрон цав цагаан сүрлэг уулс дүнхийж тэртээ доор гол горхи  урсаж ногоон зүлэг үзэгдэнэ.  Цагаан Дэглий Хайрханд бараг л анх удаагаа 27 лаа буюу хамгийн олуулаа гарсан өдөр нь 2015.06.17 ны энэ өдөр болсон байх. Бие биедээ баяр хүргэн бөөнөөрөө зургаа авхуулаад бууцгаав. Биднийг доош бууж явахад Хайрхан аялагч клубынхан маань дээш өгсөж байв.  Өндрийн кэмп дээрээ ирж майхнаа хураагаад доош бууцгаав. Оргил дээр гарлаа гээд бүх зүйл дууссан хэрэг биш буух гэдэг зарим үед авирахаас хэцүү байдаг.  Нуранги чулуу ихтэй огцом уруу газар руу асар болгоомжтой бууцгааж өнөөх голын эрэг дээр ирж хөнгөн цайлаад цааш хөдөллөө буцах замдаа л хичнээн хол явснаа мэдэрч билээ.

Нэг зорилготой Нэг толгойтой явбал хэдий хэцүү байлаа ч хичнээн олуулаа байлаа ч яг л нэг хүн шиг зорисондоо хүрдэгийг харуулсан шүү. Эв нэгдэлтэй эрч хүчтэй залуусаараа бахархаж байна.

Тэмдэглэл хөтөлсөн Клубын гишүүн:  Намуун


 

 

Хүсэлт илгээх