card

Хагын хар нуур аялсан тэмдэглэл, дурсамж

Хагын хар нуурын аялал  2013.08.22-2013.08.25

Хурмаст тэнгэр хур бороо харамгүй хайрласан тул бид нөхдийн Хагын хар нуур явах 2013.08.08 ны аялал цуцлагдсан хэдий ч нуураа үзэх хүсэлдээ хөтлөгдсөн бид 2013.08.21ны Лхагва гаригт дахин цугласан билээ. Ажлын өдөр байсан тул ажлын цаг дуусмагц хувцасаа сольж өмсөөд үүргэвчээ үүрэн такси барин Бишрэлт зочид буудлын хойно цуглах газартаа яаран ирлээ. Аялалд явах нөхөд маань бараг л бүгд иржээ. Хэсэг нөхдөө хүлээх зуур ачаа тээшээ цэгцлэн бүгд л дор дороо догдлоно.

Тэнгэрт бараан үүл гарч дахиад л усан бороо уйлагнаж гарлаа. Өнгөрсөн хагас бүтэн сайнд нилээн бороо орсон тул тэрэлжийн голоор нэгч машин гарахгүй байна гэсэн хэцүүхэн мэдээ дуулдана. Гэвч Нуурандаа очно гэсэн ганц л бодол толгойд эргэлдэнэ. Бид тэрэлжидээ л шавар усаа сайн мэдэх Байгаль гэгч ахтай ярилцаж тохирсон байсан учир сэтгэл арай л тайван байлаа. Бүх хүмүүс цуглаж явах болж Байгаль ахруу залгатал хүү нь утас авч “аав жимсэнд явсан ирээгүй байна” гэдэг юм байна. Ганц итгэл найдвар болж байсан машин байхгүй гэдгийг сонсоод бүгд дуугаа хураан муухай царайллаа. Өнгөрсөн удаа аялал цуцлагдсан нь бас л тэр Байгаль ахтай холбоотой билээ  “Бороо хур ихтэй голын түвшин айхтар байна тэрэлжийн голыг миний 66 /машин/ гарч чадахгүй ээ” гэж хэлсэн тул бид аялалаа хойшлуулсан юм.


Учираа мэдэхгүй бидний хэдэн охид ямарч л байсан явна бид чаднаа гэж гоншигнож учир мэдэх нэг нь тоглоом биш шүүдээ гол усыг басаж болохгүй ээ гэж хаширлана. Хөтөч маань тэрэлжээс утас цохиж гол үнэхээр айхтар байна миний морьд гарахгүйнээ би болилоо гэж дайран дээр давс гэгч нь боллоо. Дарга дуугүйхэн бодол болж байн байн тагтан дээр гарч тамхилана. Олон хүний амь насыг хариуцан тийм ч амар биш аялалд явах гэж буй хүн аргагүй ээ.  Хавь ойрын таньдаг мэддэг бүхэн рүү утас цохивч нааштай хариу хэн ч үл өгнө бүгд л больсон нь дээр бороо ус их байна тоглоом биш шүү гэцгээнэ. Гэнэт сайхан мэдээ дуулдлаа тэрэлжид ганц л Ланд гол гарч байна гэнээ. Охид их л баярлан тэрэлжийн голыг л гарчихвал бүх юм болчих юм шиг л хөөрцөглөнө.

Гэвч цаана нь дахиад Баянгийн гол, Хонгорын гол гээд асар ширүүн урсгалтай хад асга ихтэй голууд байгаа шүү дээ. Ярьсан сонссон хүн бүр л больсон нь дээр хүлээсэн нь дээр тэрэлжийн голоо давдаг юмаа гэхэд Хонгорын гол хүрээд л та нар буцнаа гэдэг таагүй мэдээ дуулгаж эргэлзэхэд хүргэнэ. Эргэлзэн тээнэгэлзэн удаан ярилцсан бид Ландны жолоочын утсыг аваад үнэ ханшаа ярилцаж тохироод тэрэлжийн зүг хөтөч ч үгүй бүрхэг улс хөдөллөө. Замдаа хэрэг болж мэднэ гэж шөнийн зах орж олс худалдаж аваад их хотын түгжрэлд явсаар байгаад шөнийн 00.00 цагт тэрэлжид ирлээ. Замдаа идэхээр хийлгэж авсан хуушуураасаа идэж аваад унтаж амарлаа.


2013.08.22 Эхний өдөр

Өглөө эртлэн үүр цаймагц босч цайгаа чанаж үлдсэн хуушуураа идэцгээгээд л ачаа тээшээ цэгцлэн машинаа хүлээцгээлээ. Аялалын бүрэлдэхүүнд 7 эмэгтэй 3 эрэгтэй байсан ба Ланд маань биднийг 5, 5 аар нь хоёр удаа зөөж алхах газар хүргэхээр болсон билээ. Эхний ээлжинд Бямбаа ах, Они, Мөнгөө, Сайнаа, Намуун нар суугаад  Тэрэлжийн голыг салаануудаар нь сүлжин явж өглөө. Жолооч маань машиндаа  2 хүн нэмж суулгаад Портер чирч гол гаргах хэрэгтэй боллоо. Утас, тороос болж хэсэг саатсны эцэст портероо чирээд голоо гаталлаа. Чирүүлж явсан машин голын тэхий голд ирэх үед чирж яваа машин хий эргэж тороосоо тас татлаа. Биднийг голын эрэг дээр буулгаад л эргэн усруу орж тороосоо богиносгон татаж гарлаа нэмэр алга нүдний өмнө л нөгөөх портер хажуугаараа усанд хэвтээд өгөв. 66-аас өөр машин чирж гаргана гэж худлаа боллоо гээд л жолооч маань биднийг суулгаад л цааш давхилаа. Замд таарсан хэд хэдэн айхтар намагийг сайн жолоочын арга ухаанаар  саадгүй гарч нэгэн айлын өвөлжөөнд хадлан хадаж буй хүмүүс/бидний алхаж эхлэх газар / дээр биднийг буулгаад үлдсэн 5г авчирахаар машин эргэн хөдөллөө.

Цаг аль хэдийнээ 11 болжээ.Бид  ачаа бараагаа янзлан алхахдаа бэлдэнэ. Нөгөө 5 маань байдаггүй ээ 13 цаг боллоо. Бидний тав наранд нэг хэвтэнэ нэг сууна ойролцоох өндөр газар гарч тэрэлжийн зүг харуулдана бараа сураг алга. Хадланчид биднээр тохуурхан “та нар чадахгүй ээ энэ том цүнхнүүдээ өөрсдөө үүрэх юмуу?  үгүй байлгүүдээ ” гэж ёжлоно. “Эндээ үлдээд 3 хоног хадлан хадаа” гэж ч хэлж үзэж байна. Чаддаг л юмдаа гэж дотроо хэлээд л гол ус гайгүй байгаа нөгөө хэд яав гэж санаа зовцгооно. Хөтөч маань ирлээ удалгүй нөгөө 5маань ч ирж мориндоо майхан хүнсээ ачаад өөрсдөө цүнхээ үүрээд  17.30-н үед хавиргын даваагаа чиглэн алхалт эхэллээ. Нэгийн цуваанд орж Дарга урд гараад оройтож гарсныг ч хэлэхүү хурдаа аван алхаж  байтал айхтар намагтай хөндийд тулж ирээд  туучиж гарлаа намагт шигдэх нь шигдэж унаж босоод л явж өглөө.

 

Цааш дуу аялан алхаж байгаад л Баянгийн голын гарам дээр тулж ирээд зогсцгоов.  Нэгэнтээ намаг шалбаагт унаж аль хэдийнээ норсон улс эргэлзэж тээнгэлзэлгүй голруу орцгооно голын ус хүйтэн бас урсгал нь ширүүн байлаа. Голоо амжилттай гатлан цаашаа зогсолтгүй алхан зарим үед гүйж явлаа. Ахиад л намаг шалбааг гэвч хэнч шантарч зогсолгүй бүгд л эрч хүчтэй алхана.

Төд удалгүй модон дунд орж өдөр 13 цагын үед л аяга хоол идсэн улс өлсч цангана гэхдээ бүгд нэг зорилготой нуурандаа хүрэх хүсэлдээ хөтлөгдөн ядарлаа өлслөө гэлгтгүй урагш алхана. 20.45 минутанд давааныхаа чанх доор ирж эндээ хоноглохоор болов. Майхнаа босож, галаа түлээд усаа авчирч, хоолоо хийгээд нойтон хувцасаа хатаагаад үүр цаймагц босно гээд унтаж амарцгаав./ /3.15 мин 13 км алхав /ойролцоогоор//


 

2013.08.23  2дахь өдөр

Өглөө 06.00 д босч цайгаа чанж, хоолоо хийгээд майхнаа хурааж, ачаагаа цэгцлээд Хавиргын даваан дээрээ 25 минутанд гарч ирээд л хотын хэдрүүгээ нэг утасаар яриад Баян Хангай биднийг ивээнээ гэж итгээд даваагаа уруудан хаг хонгорын голоо чиглэн алхаж өглөө. Намаг шалбааг туучин, торлог дундуур удтал алхасны эцэст 14 цаг орчмын үед Хагын голын гарам дээр ирлээ. Ачаа ачсан морьд маань ядарч замдаа шаварт шигдэн босч ч чадахаа байж их л бэрх явж ирлээ. Хөтөч маань морьдоо хөтлөн олсоо аваад л ороод явчлаа. Морины зоо давах шахсан ширүүн урсгалтай голыг хараад үнэхээр сүрдмээр аймаар байсан. Тэнгэрт бараан үүлс гарч бороо ганц нэг дуслах үед арай ч үгүй байлгүйдээ биднийг ивээх л ёстой гээд бүгд л дор дороо итгэл найдвараа алдахгүйг хичээнэ.  Гэвч нэгэнт зориод гарсан хүмүүсийн давах л даваа учир эрчүүдтэйгээ хөтлөөд л  2,2 оороо голоо гаталлаа хүзүүгээр татсан усанд хөлч газар хүрэхгүй явнаа гэдэг яг л кино шиг. 

Голоо амжилттай гарч өдрийн цайгаа уугаад айдгаа ардаа хийсэн улс баяртай нь аргагүй алхалаа .

Өргөн уудам намагтай 3н хөндийг гарч уулсын хормойг ороон ухаан жолоогүй алхаж одоо энэ давааны цаана л байгаа гэсээр хичнээн ч даваа давсан билээ бүү мэд. Энүүхэн энд байгаа гэж бодож байсан улс уурлаж нэг үзээд л инээч ч нэг үзээд л явсаар байгаад л нэг гол гарч нэг толгой ороогоод Нуурынхаа чанх дээр очих үеийн тэр мэдрэмжийг  тэгэж алхсан биднээс өөр хэнч төсөөлж чадахгүй биз .

“ГАЙХАМШИГТАЙ САЙХАН”  Орой 19.20 гэхэд нууран дээрээ ирсэн байлаа.//10,5 цагт 32 км алхав/ойролцоогоор//

2013.08.24        3дахь өдөр

Өглөө 07.00 д босч цайгаа чанж хоолоо идээд нууран дээрээ сайхан тоглож наадаад өдрийн хоолоо идэж, зураг хөргөө авхуулцгаагаад нуурандаа баяртай бас биднийг хүлээж авсанд баярлалаа гэж хэлээд буцацгаав. Буцах замаа зөв сонгож ирсэн замыг бодвол намаг шалбааг багатай сайхан замаар явлаа гэвч баян хангайд бид ус, намаггүй газар хаанаас олох билээ намгаа туучин торлогоо шүлжин алхана. Амралтгүй алхсаар  Хагын голын гарам дээр 17 цагын үед ирж голоо амжилттай гатлан цааш алхсаар гэгээ тасрах үед дахин нэг гол гараад Хоног толгойн доохи нь ирж хоноглох болов. Бороо шивэрч эхэллээ битүүхэн айдаст бид автана гэвч Баян Хангай ивээлээ хайрлан хур бороо биднийг тойрон одох нь гайхалтай . Ядарсан нь ядарлаа гэлгүй бүгд л өөр өөрийн үүрэгт ажлыг хийж майхнаа босгоод хоолоо хийж норсон хувцасаа хатаангаа түүдэг галын дэргэд сууж өдрийн туулсан зам, болсон явдлаа хүүрнэн суух хичнээн жаргалтай гээч. //7.30 мин 22км алхав /ойролцоогоор//

2013.08.25      4дэх өдөр

Өглөө 07.00 д босч цайгаа ууж ачаагаа янзлаад Даваагаа чиглэн алхалаа. Даваа өгсөж яваад аньсны эх оронд бууж амаараа, гараараа бараг л хөлөөрөө түүх нь холгүй юм болов.

Бүгд л түр саатан байгаль дэлхийгээс бидэнд үнэгүй илгээсэн витаминаар өдөржин зовоосон өөрийнхөө биеийг шагнаад даваан дээрээ гарцгаалаа.

Даваан дээрээ гараад хотын хэдрүүгээ утсаар ярьж машин унаагаа зохицуулаад , сайхан цайлж амраад даваагаа уруудан алхацгаав. Голоо гаталж, намгаа туулж хадланчдаа чиглэн гэрлийн хурдаар алхав. 18цагын үед машин дээрээ ирлээ. //9цагт 24,5км алхав/ойролцоогоор//.

Адал явдал, Ачаалал ихтэй сайхан аялал боллоо. Баян Хангай биднийг ивээж Бороо Хураа хэсэгхээн татлаа. Гарын 10н хуруу шиг мундаг байсаан манайхан. Баяр хүргэе та нартаа.

Туулсан замын урт 95 км

Туулсан цаг 72 цаг /Унтсан , амарсан, хооллолсон бүх цаг орсон болно./

Аялалын үеийн хөгжилтэй ярианууд:

-          Багийн гишүүдийн нэрс 7 одой ба 3н цасан гоо

-          Алхалтын үед араас харвал 3н хүн 7н цүнх /эмэгтэйчүүд цүнхнийхээ цаанаас харагддаггүй болно/

-          Намаг шалбааг таарах үед хөлнүүддээ зориулж хэлдэг үг “Хагын хар нуур бол явган аялалын диваажин хөл минь чи хөлийн тамд тавтай морил”

-          Аялалын сүлд дуу “Нарыг хайрла”,  “Сүүний үнэртэй ээж”  Магнаг үсэгтэй тугийн аян дээр

-          Хөтөчийн хэлсэн цөөхөн үгсийн нэг “миний бөгс бөгсний тамд морилчлоо ш дээ”

 “Үгүй ээ мөн дур байнаа ингэж өөрсдийгөө зовоож байдаг”

 Харилцан яриа Н: Ер нь хүмүүс хэд хоног зарцуулдаг вэ энэ аялалд ?

Хөтөч: хамгийн хурдандаа 5 хононоо .

  Н: Оон бас гайгүй л явдын байна хүмүүс.

  Хөтөч: Гэхдээ мориор ш дээ.

   Н: Хэлээ гаргав :P

-  “Яанаа наран цэцгийн тос асгарсан юм биш биздээ сав нь бүүр ГАВШЫЧИХАЖ”

Хүсэлт илгээх